Агаарын хөлөг
Өнөөдрийн байдлаар Изинис Эйрвэйз компани нь Швед улсад үйлдвэрлэгдсэн Saab 340B загварын 4, Английн БАЭ Системс (BAE Systems) компанийн Авро Ар-Жэй 85 (Avro RJ85) 2 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд цаашид зорчигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, нислэгийн сүлжээний өргөжилттэйгөө уялдуулан агаарын хөлгийн паркаа өргөтгөх зорилго тавин, Монгол улсын цаг агаар, дэд бүтцийн болон бизнесийнхээ онцлогт тохирсон агаарын хөлгийг сонгохоор судалж байна.
Saab 340B онгоцны товч танилцуулга
Өнөөдрийн байдлаар Saab 340 онгоцыг АНУ, Австрали, Япон, Канад, Их Британи, Шинэ Зеланд, Румын, Балба, Монгол зэрэг дэлхийн 30 гаруй улс орны 62 агаарын тээврийн компани үйлчилгээндээ ашиглаж байна.
Хүчирхэг сэнст-тийрэлтэт (turboprop) хөдөлгүүр бүхий эдгээр онгоцууд нь шороон болон хатуу хучилттай зурвасын алинд нь ч нислэг үйлдэх чадвартай. Saab 340B онгоц нь Аляск, Канадын хүйтэн, ширүүн уур амьсгал, Шүрэн арлын чулуурхаг хөрс, Балбын уулархаг нутгийн аль алинд зохицон нисч байгаа агаарын хөлөг юм.
2006 оноос Изинис Эйрвэйз компани Saab 340B төрлийн агаарын хөлгийг орон нутгийн нислэгт ашиглаж эхэлсэнээс хойш тус компанийн агаарын хөлөгүүд 5000 гаруй нислэг үйлдэж, нийт 8000 орчим цаг ниссэн нь Монгол орны онцлогт энэ төрлийн агаарын хөлөг тохирч байгааг харуулж байна.
Изинис Эйрвэйз компани нь Saab 340B агаарын хөлгүүдээ Монголд авч ирэхээсээ өмнө уг онгоцыг үйлдвэрлэгч Saab Aerotech компанийн үйлдвэрт захиалж, өөрийн орны цаг агаарын нөхцөл, ашиглалтын онцлогт тохирсон дараах нэмэлт тоноглолуудыг суурилуулсан юм.Үүнд:
- Орон нутгийн нислэгийн одоогийн нөхцөлд амин чухал ач холбогдолтой нислэгийн удирдлагын автомат систем
- Газарт ойртолтыг урьдчилан мэдээлэх TAWS системийн хамгийн сүүлийн үеийн иж бүрдэл
- Шороон зурваст нислэг үйлдэх тусгай хамгаалалтын хэрэгслүүд
- Өвлийн хүйтэн нөхцөлд ашиглах дулааны иж бүрдэл систем
Saab 340B ерөнхий үзүүлэлтүүд
- Суудлын тоо: 34
- Нисэх баг: 3
- Онгоцны урт: 19.73 м
- Онгоцны өндөр: 6.97 м
- Нислэгийн үеийн хүнд: 13200 кг
- Хөөрөх гүйлтийн зай: 1290 м
- Буултын гүйлтийн зай: 1035 м
- Хурдны дээд хязгаар: 528 км/цаг
- Алслалт: 1450 км
- Нислэгийн өндөр: 7620 м
Avro RJ85 онгоцны товч танилцуулга
Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг нь Английн БАЭ Системс (BAE Systems) компанийн Авро Ар-Жэй (Avro RJ) төрлийн агаарын хөлөгт багтдаг. Авро Ар-Жэй 85 тийрэлтэт агаарын хөлөг БАЭ 146 (BAE 146) маягийн богино болон дундын зайн тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгийн сайжруулсан загвар юм.БАЭ 146 (BAE 146) агаарын хөлгийг залгамжлагч Авро Ар-Жэй 85 нь Луфтанза (Lufthansa), Бритиш Эйрвэйз (British Airways) зэрэг дэлхийн олон орны агаарын тээврийн компаниудад ашиглагддаг.
Одоогийн байдлаар 61 агаарын тээвэрлэгчийн 248 Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг үйлчилгээнд ашиглагдаж байна.
Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага, мөн бүрэн тоноглогдоогүй шороон болон нислэгийн богино зурваст нислэг үйлдэх бүрэн чадвартай, Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд бүрэн зохицсон цорын ганц тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлөг юм. Нислэгийн найдвартай, аюулгүй ажиллагаанаас гадна Авро Ар-Жэй нь энэ ангилалдаа хамгийн дуу чимээ багатайгаар гэрчилгээжсэн.
Авро Ар-Жэй 85 ерөнхий үзүүлэлтүүд:
- Зорчигчдын тоо 93
- Онгоцны урт 28.55 м
- Өндөр 8.61 м
- Нислэгийн хүнд 43029 кг
- Хөөрөлтийн үеийн гүйлтийн зай 1700м
- Буултын үеийн гүйлтийн зай 1200м
- Хурдны дээд хязгаар 790км/цаг
- Алслалт 2000км
- Нислэгийн өндрийн дээд түвшин 10670м
- Онгоцны даац 9433 кг
- Ачаа тээшний даац 1514кг
